Үзсэн тоо: 2932

Сүүлийн гурван жилийн дотор орон сууцны үнэ бага багаар тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2016 он гарснаас хойш зах зээлд нийлүүлсэн шинэ болон хуучин 4657 орон сууцны үнийг хамдруулсан судалгаа гаргажээ. Уг судалгаагаар, энэ оны хоёрдугаар сард зах зээлд нийлүүлсэн орон сууцны үнийн уналт үргэлжилсэн хэвээр байгаа ба орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буурчээ.

Орон сууцны үнэ ийнхүү буурч байгааг макро эдийн засгийн өсөлт удааширсантай холбон тайлбарлаж байна. Эдийн засгийн өсөлт саарах болсны гол шалтгааныг гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, нийт эдийн засагт гаднаас болон дотоодоос нийлүүлэгдэж байгаа мөнгөний хэмжээ багассанаас үүдэлтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Нөгөө талаас “Эдийн засгийн өсөлтийн хурд саарсан нь орон сууцны үнэ буурахад нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн. Тэрчлэн төрийн зүгээс хямд үнэтэй орон сууц захиалан бариулж эхэлсэн нь өндөр үнэтэй орон сууц авахгүй байх сэтгэгдлийг нийгэмд төрүүлж эхэлсэн.

Дахин төлөвлөлт амжилттай хэрэгжиж эхэлж байгаа нь хашаа байшингаа зарж байрны урьдчилгаа болгохоос илүүтэй байраар солих хүлээлтийг үүсгэсэн. Найман хувийн хүүтэй зээлд хамрагдах санхүүгийн чадавхитай хэсгийн эрэлт дуусах тийшээ хандсан зэрэг нь орон сууцны үнэ буурахад нөлөө үзүүлсэн” гэж эдийн засагч Б.Дөлгөөн хэллээ.

Манай улсын хувьд гадаадаас ирэх сөрөг нөлөөлөл, төлбөрийн тэнцлийн “шок”-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөг зөөлрүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд макро эдийн засагт тохиргоо хийх бодлогын арга хэмжээ хэрэгжүүлсээр ирсэн. Дэлхийн зах зээл дээрх эрдэс, түүхий эдийн үнэ унаж, үүнийг даган уул уурхайн салбарт хийх гадаадын шууд хөрөнгө оруулалт үлэмж буурсан сүүлийн жилүүдэд дотоодын эдийн засагт үүсээд байсан илүүдэл эрэлт хумигдан, төлбөрийн тэнцлийн нийт алдагдал тодорхой хэмжээгээр буурч, эдийн засгийн гадаад тэнцвэр хангагдах нөхцөл бүрджээ.

Хэдий тийм боловч эдийн засагт дотоод эрэлт хумигдсанаар бодит эдийн засгийн өсөлт 2014 онд 7.9 хувь, 2015 онд 2.3 хувь байсан бол 2016 оны нэгдүгээр улиралд 3.1 хувьд хүрчээ. Эдийн засгийн өсөлтийн хурд ийнхүү саарч, дотоодын эдийн засаг гадаад зах зээлээс өндөр хамааралтай байсаар байгаа нь манай улсын санхүүгийн салбар, түүний тогтвортой байдалд эрсдэл, сорилтыг нэгэн зэрэг авчирч байна хэмээн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2016 оны хагас жилийн тайланд дурьджээ.