Үзсэн тоо: 3830

 “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дутагталтай иргэдэд батлан даалт гаргах, эдгээрт үр дүнтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хүргэх шат дараатай, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас тодрууллаа.
-Монголын Банкны Хол­боо хамтран ажиллах “Са­намж бичиг”-т гарын үсэг зур­сан гэсэн. Санамж бич­гийн хүрээнд ямар ажил хийг­дэх вэ?
-Гэр хорооллын дахин тө­лөв­лөлтийг хийж нийс­лэл­чүүдийг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажил тодорхой үр дүнд хүрсний дараа төсөл хэрэгжүүлж байгаа хувийн компаниудын зүгээс биднийг жаахан дэмжиж өгөөч гэсэн саналыг тавьсан.
Хэрвээ бид дэмжвэл бидний ажил нэг алхам урагшлах гээд байна гэдгийг өнгөрсөн есдүгээр сарын эхээр ажлын явцтай нь танилцах үеэр хэлсэн. Тиймээс бид ИТХ-аар оруулаад миний биеэр ахлуулсан ажлын хэсгийг гаргаж, банкныхантай ярилцсан. “Гэр хорооллын да­хин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипо­те­кийн зээлийн урьдчилгаа төл­бөр дутагдалтай иргэдэд бат­лан даалт гаргахаар тохи­ролц­сон.
-Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргах уг асуудлыг нэлээн сайн судалсан байх?
-Бидэнд уг ажилд зарцуулах төсөв дээрээ тавьсан жаахан эх үүсвэр байгаа. Уг төсвөөр энэ жил орон сууцаа ашиглалтад оруулах аж ахуйн нэгжүүдээс орон сууц худалдаад авчих ямар боломж байна, банкуудтай яриад үзвэл ямар боломж гарах эсэхийг ажлын хэсэг судалсан. Хоёр сар гаруй хугацаанд ажиллах явцад төсөвт байгаа 10 гаруй тэрбум төгрөгөөрөө төсөл хэрэгжүүлэгчдээс орон сууц худалдаж авахаар 200 иргэний байрны асуудлыг шийдэхээр байгаа юм.
Гэтэл манай иргэдэд 204 мянган орон сууц хэрэгтэй байна гэдэг судалгааг хөндлөнгийн байгууллага гар­гачихсан. Үүнээс 64 мянга нь 30 хувийн урьдчилгаа төлж чадна гэдгийг судалгаагаар нотолсон. Гэтэл үүнээс банкны шалгуурыг давах магадлал нь 27 мянга байна гэсэн бодит тооцоо байгаа. Тиймээс бид зөв гарцаа олохоор энэ талын холбогдох байгууллагуудтай бүтэн өдөр зөвлөгөөн хийгээд иргэдийн урьдчилгаа төлбөрийг хийхээр тогтсон.
-Төсөвт байгаа мөнгөөрөө хэчнээн иргэний урьдчилгааг төлөх боломжтой вэ?
-Энэ ажлын хүрээнд урьд­чилсан тооцоогоор 2000 гаруй иргэний асуудлыг шийдэх тооцоо гарсан. Бид эдгээр айлын урьдчилгааг гаргаад, үлдэгдэл дээр нь банк моргежид хамруулаад явчихвал төсөл хэрэгжүүлэгчдийн гар дээр 50-90 тэрбум төгрөг очих болно. Тиймээс энэ нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болох юм. Энгийнээр хэлэхэд 30 хувийг нь хот, үлдсэн 70 хувийг банк хариуцахаар болсон гэсэн үг. Уг хувилбарын Монголын банкны холбооныхон дэмжсэн.
-Урт хугацаандаа уг төсөл тогтвортой байж чадах болов уу. Энэ хүрээнд ямар ажил хийгдэж байгаа вэ?
-Урт хугацаандаа зээлийн батлан даалтын сан болгож хэрэгжүүлнэ. Үүнд Улаанбаатар орон сууцны сан, хувийн хэвшлийнхэн, банкууд хөрөнгө нийлүүлсэн шинэ сан байгуулна. Магадгүй үүний удирдлага нь бүр хөндлөнгийн хэн ч танихгүй, гадаад хүн байна. Ингэж байж л үүсээд байгаа хаус байдлаас гарахгүй бол болохгүй гэдэгт талууд санал нэгдсэн.
Ийнхүү иргэдийг орон сууцжуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төр, хувийн хэвшлийн түншлэл бү­хий санхүүжилтийн оновчтой, үр ашигтай тогтолцоог хамтран бий болгохоор өнгөрсөн долоо хоногт Монголын банкуудын холбоотой санамж бичигт гарын үсэг зурсан. Өнөөдөр /өчигдөр/ БОНХЯ, Монголын банкуудын холбоо, Улаанбаатар хотын захиргаа хамтраад форум зохион байгуулж үүнийг өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр өнө удаан жил ярьж ирсэн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн асуудалд хөтлөх, тогтвортой санхүүжилт” гэдэг хөтөлбөрийг 2015 хэрэгжүүлж эхлэхээр болсон.
Тиймээс бүх зүйл нэгдмэл ойлголтод хүрч банкныхан байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх бол аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэхгүй, урт хугацаанд иргэдийн дэмжлэлийг аваагүй бол нийслэлээс төсөл өгөхгүй байх юм. Тиймээс иргэдийн дэмжлэлийг авсан, иргэдийн оролцоотой төлөвлөлтөө хий­сэн, аж ахуйн нэгжүүд иргэд­­тэйгээ учраа олсон, хотын захиргаатайгаа ярилц­сан төс­лүү­дийг хамтран сан­хүү­жүү­лэх тогтвортой санхүүгийн ме­ха­низмийг хөгжүүлэхээр то­­моо­хон хэмжээний зөвлө­гөө­­нүү­дийг зохион байгуулж байгаа.
-Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргахад тухайн иргэнд ямар шалгуур тавих бол?
-Орон сууцжуулах бодлого маань дунд буюу түүнээс доош орлоготой иргэдэд чиглэж байгаа. Мэдээж урьчилгаа 30 хувийг хот шууд л май гээд өгчихгүй нь тодорхой. Цалингаасаа тодорхой хэмжээ­гээр зээлээ төлөөд байх боломжтой иргэд буюу төрийн системд ажилладаг хүмүүс бэлэн байгаа гэсэн судалгаа бий. Тиймээс энэхүү эрэлт дээр тулгуурлаад явна.
Өөрөөр хэлбэл, иргэн Дорж урьдчилгаа 30 хуьвийн 10 хувийг өөрөөсөө гаргаад 20 хувийг хотоос дэмжлэг аваад, 70 хувийг банк барилгын компаниудад өгөхөөр тухайн хүн тохилог орон сууцанд орох боломжтой болно. Цаашид орон сууц нь барьцаа болоод, урт хугацаанд иргэн орологоороо зээлээ төлөөд явах болно. Харин иргэдэд өгсөн 30 хувиа эргүүлэн яаж олж авах асуудлаа Улаанбаатар орон сууцны сан дээрээ өмнө нь түрээсийн орон сууц гаргаад явуулсан журмыг нарийвчлан ИТХ-аар оруулаад журам батлаад явуулах болно.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин