Үзсэн тоо: 4076

Нүцгэн хорооллууд

Социализмын үед орон сууцны хороолол барихдаа сургууль цэцэрлэг, эмнэлэг зэргийг цогцоор нь төлөвлөдөг байж. Түүний буянд өдгөө хуучны томоохон орон сууцны хороололлууд    1-2 цэцэрлэг, сургуультай байна. Харин сүүлийн жилүүдэд нийслэлд барьж байгаа орон сууцны хороолол, хотхон цогцолборуудад хэтийн төлөвлөлтийн бодлого үндсэндээ алдагдав. Хаа сайгүй элдэв чамин нэртэй шинэ хорооллууд босож байгаа ч тэнд сургууль, эмнэлэг, цэцэрлэг, гал команд гэж дуулддаггүй. Орцны буланд орогносон ганц нэгийг эс тооцвол олигтой дэлгүүр ч үгүй. Агаарын бохирдолыг буруулахын тулд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн бол иргэдийн хямд орон сууцаар хангах хүрээнд Ипотекийн зээл олгож эхэллээ. Эдгээр бүтээн байгуулалтын ажлууд шат дараатай өрнөж, орон сууцанд амьдрах иргэдийн сонирхол, эрэлт ихэсссэн энэ үед нийслэлийн хэд хэдэн газарт шинэ суурьшлын бүс байгуулж, шинээр орон сууцны хорооллууд барьж буй. Харин орон сууцны хорооллыг барихдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн байгууламжийг төлөвлөөгүй байгаа нь хамгийн том асуудал болоод байна.

ОССК-ийн захиалгаар “Буян-Ухаа 1” орон сууцны хорооллын барилгын ажил өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлсэн. Үндэсний 5 компанийн  нэгдэл “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр Нисэхийн 16-р хороонд 1575 айлын есөн давхар 25 орон сууц, 128 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөснөөс 16 барилгын ажлыг одоогоор эхлүүлээд байна. Сүүлийн жилүүдэд Нисэхэд орон сууцны хорооллууд шинээр барьж байгаатай холбогдуулан оршин суугчдын тоо эрс нэмэгджээ. Энэ хэрээр сургууль цэцэрлэгийн хүрэлцээ тутагдаж Нисэхийн хүүхдүүд сургууль цэцэрлэггүй болов. Тэнд 25 мянган хүн амьдардаг боловч сургууль, цэцэрлэг тус бүр 2 л байдаг.  Буянт-Ухаа цогцолбор сургуулийн захирал О.Болормаа “Сүүлийн жилүүдэд Нисэхэд орон сууцны хорооллууд шинээр баригдаж байгаа тул шинээр ирэх хүүхдийн тоо нэмэгдэж, хүүхдээ багтааж дийлэхээ больсон. 114-р сургууль 1500 хүүхэдтэй 3-н ээлжээр хичээллэдэг. “Буянт-Ухаа 1”  цогцолборын 1575 айл нэмэгдвэл сургууль, цэцэрлэгийн даац хэтэрнэ гэв. “Буянт-Ухаа 1”  цогцолборт сургууль цэцэрлэг барих эсэхийг ҮББК-ын ТУЗ-ийн дарга Б.Жүгдэрээс тодруулахад “Буянт-Ухаа 1”  хороолол баригдсаны дараа үргэлжлээд “Буянт-Ухаа 2” хороолол баригдахаар төлөвлөсөн. Тиймээс тэр үед үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэг барих байх. Ерөнхий зурагт сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв барихаар төлөвлөсөн ч эдгээр барилгыг барьж эхлээгүй байна. Бид захиалга авсан 25 барилгын ажлаа л гэрээний дагуу гүйцэтгэнэ. Харин  7 байшингийн дунд 125 машины грааш, хүүхдийн тоглоомын талбай байгуулна. Ирэх жилээс сургууль цэцэрлэг барих санхүүжилтын асуудал шийдэгдэх байх. “Буянт-Ухаа 1” цогцолборын одоогийн байгаа зурагт ганц цэцэрлэг барих төдий л газар бий. Тэгэхээр сургууль барих газар хүрэхгүй гэв.

Орон сууцны хорооллыг хүний биетэй зүйрлэвэл тэнд байх учиртай сургууль,  цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүр, үсчин, грааш, зэрэг нь өмд гутал цамц малгай юм. Өмд гуталгүй ийм хорооллыг “нүцгэн” хороолол гэж нэрлэхээс өөр арга алга. Улаанбаатар даяар баригдаж байгаа “нүцгэн” хорооллуудаа өмсөх хувцастай болгохгүй бол болохгүй нь ээ.

 Мэдээллийн эх сурвалжийг    2013.09.25 Өнөөдөр сониноос,,,